Enlisted in Must-read list for secondary school

The 'Best Children's Literature' award from the “Altan Ud" (Golden Feather),

ХҮҮХЭДТЭЙ АЙЛ БҮХЭН ХҮНДЭТГЭН
ЗАЛАХ НОМ

Үндэстэн бүхэнд өөрсдийнх нь өвгө түүхийг агуулсан аварга хөлгөн судар заавал байдаг. Манай ард түмний хувьд ийм нандин судар бол “ Монголын Нууц Товчоо ” яах аргагүй мөн.
Үндэсний түүхч эрдэмтэд тэр хөлгөн судруудаа судлан тунгааж эрдмийн бүтээл туурвидаг бол зохиолч, зураач нар ард түмэндээ ойлгомжтой ойр дотно хэл, өнгө будаг, зураасаар хялбаршуулан боловсруулж өргөн олонд түгээдэг байна. Ялангуяа улс үндэстний ирээдүй болсон хүүхэд, багачуудад ийм бүтээл ус агаар мэт хэрэгтэй байдаг.
Оросын ард түмэн “ Игорийн хорооны тууж ” - аа, Хятад үндэстэн “ Хүйтэн уулны бичиг ” - ээ, чингэж бяцхан үлгэр, зурагт ном болгон өсвөр үеийнхнээ хүмүүжүүлсээр ирсний адил манай ард түмэн ч “ Монголын Нууц Товчоо ” - ноос сэдэвлэсэн үлгэр домог, зүйр цэцэн үгсийг олноор бүтээн туурвисан буй.
Шинэ мянганы босгыг алхсан ойрхи жилүүдэд энэ бүтээлч давалгаа шинэ эрч хүчээр сэлбэгдэн залгамжилж байгаа нь бахархалтай үйлс мөн. Үүний нэг илрэл нь хүүхдийн зохиолч О.Сундуйн туурвисан “ Тэнгэрээс заяат төрсөн Тэмүжин хүүгийн тухай товч тайлбар толь ” хэмээх энэ ном болно. Аливаа түүхэн ойллогын адил “МНТ” ч эртний үг хэллэг хураангуй болоод битүү дохио, томьёоллоор дүүрэн билээ. Энэ “хатуу боорцог”ийг хүүхэд байтугай үүхэд ч тэр бүр хэлтлэхэд бэрх.

Үүнйиг “ зөөллөн дэвтээх ” хэрэгтэй гэдгийг зохиогч сайн ойлгосноос энэхүү номоо бүтээхийг зорьсон байна. Энэ тайлбар толь бичигт Тэмүжин Чингис хааны бага идэр насыг хамруулсан нь номын гол онцлог бөгөөд зохиогчийн оновчтой сонголт юм.
“МНТ” хэмээх их хөлгөн судрыг уншихаар зориглон барьсан эрхэм залуу уншигч танд энэ тайлбар толь бичиг туслах болно. Эцэст нь онцлон тэмдэглэхэд ,өнөөдөр монгол айл бүрийн хойморт “ МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-г залах төрийн уриа хэрэгжиж буйн адил монгол хүүхэд бүхний өмнө “Нууц товчоо”ны нууцыг нээх нэгэн түлхүүр болсон энэ ном тавигдаасай гэж хүснэм.

Биднийг номын сахиулсан мөнхөд ивээх болтугай

Зохиолч, зураач , түүхч Онход овогт Тангадын Мандир
Бичин жилийн өвлийн сүүл сарын өлзийт бичин өдөр Чингэлтэйн тахилгат уулнаа цохов.