108 poems

Enlisted in Must-read list for secondary school

Хайр энэрэл дүүрэн ном

Хүүхдийн зохиол тэр дундаа бага насны хүүхдэд зориулсан зохиол бүтээнэ гэдэг тийм ч хялбар ажил биш ээ. Д.Нацагдоржийн шагналт зохиолч О.Сундуй яруу найраг, хүүрнэл зохиол, жүжгийн аль ч төрлөөр бичдэг боловч хүүхэд багачуудад зориулсан шүлгүүдээрээ уншигчдынхаа дотно танил болсон юм. Өдгөө шинэ, хуучин шүлгүүдээ шилэн эмхэтгэж нэгэн том бүтээл болгон хэвлүүлэхээр зэхсэн нь хүүхдийн сайн зохиол, зохиолч ховордсон энэ үед талархууштай төдийгүй чухам одоо үгүйлэгдээд байгаа эрэлтийг хангах  нэлээд ач холбогдолтой үйл болсныг нэн тэргүүнээ цохон тэмдэглэлтэй.

Эрдэмтэн зохиолч Л. Түдэв хүүхдийн нас сэтгэхүйн онцлогийг харгалзан зохиол бичих учиртайг “Хүүхдийн зохиолын онцлогууд” бүтээлдээ чухалчилсан нь одоо ч, ирээдүйд ч орхиж болшгүй үнэтэй зөвлөмж билээ. Д. Содномдорж, Д.Гармаа тэргүүтэй Ж.Дашдондог, Г.Ловор дараатай олон зохиолч энэ л шаардлагыг баримталсаар ирсэн. Өнөө үед хүүхдийн сайн зохиолч ялангуяа сургуулийн бага насныханд зориулж зохиол бичдэг зохиолч тийм ч олонгүй. Хүүхдүүдийн хоорондоо ярилцаж байдаг тийм л үйл явдал, хүсэл мөрөөдлийг яг хүүхдийн хэлээр бичдэг хэдхэн зохиолчийн нэг бол яах аргагүй О. Сундуй юм. Сургуулийн бага насныхан бол тун сониуч, хялбархан ойлгож, амархан мартдаг, уйдамхай улс. Тэдний анхаарлыг номоосоо огтхон ч хөндийрүүлэхгүй татаж байх увдис түүний бичлэгт бий.

“Муурын зулзага” шүлэгт бяцхан хүүхдийн бодлоор дамжуулан сүү долоосон сөөмхөн жаахан муурын зулзагыг нүдэнд харагдахуйц, тод дүрсэлсэн байна. Хүүхдүүд тод томруун дүр дүрслэлд дуртай.  Ийм тод томруун дүрийг Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч О.Сундуй бичдэг юм. Хүүхдийн зохиолыг хөгжөөн наргиангүйгээр төсөөлөшгүй. “Наргиантай  зүйрлэл”, “Барилдаан”, “Будилсан нь”, “Өрөвчхөн хүчтэн” зэрэг олон шүлгээс инээд наргианыг мэдэрч, сонирхолтой уран дүр дүрслэлүүдтэй танилцана. Цэцэрлэгийнхэн болон  нэгдүгээр ангийнханд уншуулах шүлэг гурав, тавдугаар ангийнхаас онхи өөр. Тэр л ялгаа, онцлогийг гярхай ажиглаж, мэдэрч бичдэг тул О.Сундуйн шүлэг бага ангийн эх хэлний сурах бичигт нэлээд орсон байдаг. Учир нь түүний шүлгүүд ухаарч чээжлээд уншихад хүүхдэд тохиромжтой.

Яруу найрагт зохиогчийн санаа бодлыг чухалчилсан бодол бясалгалаар дүүрэн байдаг бол хүүхдийн шүлэг үйл явдалтай сүлэлдэн байдаг онцлогтой. Үйл явдлаараа хүүхдийн сонирхлыг татаж  уран сэтгэмжийн ертөнц рүү тэднийг дагуулдаг.  Энэ чанар О. Сундуйн шүлгээс тод харагддаг.

                        “ ...Их хаантан болмоор санагдах юм

                            Тэгвэл би бүх хүүхдийг

                             Ордондоо урьж дайлна

                             Агуу их хаантан нь хүүхэд юм чинь

                         Алив та нар томоотой гэж хэн хэлэх юм бэ?...” гэсэн хүүхдийн эрх дураараа байх гэсэн хүсэл,

 “...Догшин лууг чихдэж мордоод

Долоон өдөр ниссэн гэнэ

Олон лууг тэнгэрт бэлчээгээд

Од түгтэл хариулсан гэнэ...” гэх хүүхдүүдийн дэврүүн санаа,  ажлаа мартан тоглоод, ус авахаа мартсандаа сандарч арвын хувинтай усыг хүпхийтэл залгидаг “Аймаар том нохой”-г амилуулах хийсвэрлэл эд бүгд хүүхдийн л уран сэтгэмж, тэдний л төсөөлөл. Ийм л уран төсөөллийг нээж бичих нь хүүхдийн зохиолчийн нэг онцгой чадвар билээ.

“Миний халаас” шүлэгт халаасаар нь дүүрэн, хорвоо дэлхийг хувиргаж чадах ховорхон шилнүүдтэй хүүхдийн ягаан шилээр харахад бүх зүйл ягаахан, улаан шилээр харахад юмс уйтгартай хэрнээ нууцлаг харагддагийг нээрээ л хүүхэд насандаа ингэж тоглож байсан хүн бүр л санах нь тодорхой бөгөөд үүнийг уншсан бяцхан жаалуудад ч дотно танил санагдах нь лавтай. Хүүхэд тэр дундаа цэцэрлэгийн насны хүүхэд л өнгийн шилээр ид шидийн ертөнцийг олж хардаг биз ээ.

Бага ангидаа 5дугаар ангийнхан хамгийн мундаг нь. Тэр “5-ын А-ийн Дондог”-ийг хар л даа. Түймрийн галаас хүүхэд аврах гэж хаалганы цуурганд лоом хийгээд хөшихөд хөл нь газар хүрэхгүй тийчигнэж гэрийн бүслүүрээс барьж байгаад, лоомон дээр дэвхцэх жаахан хүүг нүдэнд харагдахаар дүрсэлжээ Хүүхдүүд энэ Дондог манай сургуулийнх гэж бахархана... “Хичээлд явах замд” –аа хүүхдүүд Нансал эмээд тусалж сураггүй болсон хүү нь хурдан ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж  байгаа нь уншигчдынхаа хичнээн их өрөвч зөөлөн гэгээн тунгалаг сэтгэлтэй болохыг нээн харуулсан бүтээл болжээ. Энэ мэтчилэн хүүхдийн хүмүүжил, төлөвшилд нөлөө үзүүлэхүйц, санаа авмаар “Ичимхий хүүхэд”, “Нэр”, ”Залхуугийн мөрөөдөл” зэрэг зарим хүүхэд өөрийгөө олж хараад засчих сэдэл төрөхүйц шүлэг нэлээд байгаа нь олзуурхууштай. Судлаачид 6-12 насанд хүн төлөвших үе гэдэг энэ л үед бид ирээдүйн иргэдээ төлөвшүүлж хүмүүжүүлэхэд уран зохиолын нөлөөг ашиглаж болно. Уншсан сонссон зүйлээ хүүхэд дуурайх дуртай.

Эх оронч монгол хүн төлөвших үндэс энэ насанд л бий. Сурах бичигт томхон бүтээл бүтнээрээ орох боломжгүй. Ангийн номын санд тийм сэдэвтэй ном ховор. О.Сундуйн “Тохмын чинээ газар”, “Нүдэн булаг”,  “Хурдан морины хүүхэд” шиг хүүхдэд сонирхолтой, эх оронч үзлийг илэрхийлсэн зохиолыг хүүхдийн зохиолч бүр бичвэл мөн ч хэрэгтэй байна даа.

Энэ ном ээж,аав, эмээ, өвөө, найз нөхөд, эх орноо хайрлах хайраар  дүүрэн бүтээл болжээ. Үүнээс гадна хүүхдийн өөрөөрөө бахархах сэтгэл, өргөн орчлонг таньж мэдсэн ухаарал, өөр хэнд ч байдаггүй уран төсөөлөл, үерхэл нөхөрлөлийн нандин нууцыг ч энэ номоос уншиж, мэдрэх болно. 

"Шүлэг ба чихэр” шүлэгт

Бурамтай чихэр

Бумбайж харагдана.

Жимстэй чихэр

Цэлцийж харагдана.

 

Шүүрээд авч

Болохгүй гэсэн

Шүлгээ уншвал

Өгнө гэсэн.

 

Арааны шүлс

Асгараад байна

Аялгуут шүлгээ

Уншихаас яах вэ ? гэжээ.

Ингээд жаалхүү чээжилсэн шүлгүүдээ уншиж байна. Уншихдаа

Тавагтай чихэр

Дундраад байхад

Тав арваараа

Цөөрөөд байхад

 

Тогтоосон шүлэг минь

Тоогоороо байна.

Цээжилсэн шүлэг минь

Цээжинд байна. ...гэдгийг ухаарч байна.Энэ л ухаарлаас

 ...Сурсан эрдэм

Дундардаггүй... болохыг ойлгож өөрөөрөө бахархаж чээжилсэн унших урам зоригийг авч байна. Хүүхдийн эргэн тойронд болж л байдаг энгийн зүйл, ерийн явдлаас уран санааг ургуулан гаргаж тэдэнд ухаарал хайрласан бүтээл туурвидаг эл зохиолчийн онцлог бөгөөд хүүхдийн ертөнцөд бүтээл туурвилаараа амьдарч буй уран бүтээлч юм хэмээн бодогдоно.

Монголын хүүхдийн уран зохиолын сан хөмрөгийг шинэ санаа, уран бичлэгээр баяжуулж явахын ерөөл өргөе.

Утга зохиол судлаач, хэл бичгийн ухааны доктор Ж.Мэндээ (Ph.D)