Modern fairy tales
ЭНЭ НОМ БОЛ ‘‘БАГАЧУУДЫН УНШИХ БИЧИГ’’
Урьд нь би төдий л анзаардаггүй байжээ. Хүмүүс ном сонгохдоо өмнөх үгийг нь заавал уншиж дадсан байна шүү. Өнөө цагт маш олон ном хэвлэгдэж, сонголт арвин болсонтой ч холбоотой байх. Тэгээд би шинэ номынхоо тухай товч өгүүлэхээр шийдлээ. Миний зээ хүү Б.Шижирсанаа маань энэ жил сургуулийн алтан босго алхана. Түүний үе тэнгийн мянга мянган хүүхдүүд уншиж, бичиж, бодож сурахаар сурагч болцгоож байна. Тэд маань хэдхэн сарын дараа бичиг үсэгт тайлагдаж дэлгээд, тэврээд уншихаар хөөрхөн номуудыг сонгох болно. Гэгээн оюунд нь гэрэл нэмэх номуудын нэг нь бидний бүтээсэн “Багачуудын унших бичиг” байх болно. Энэ номын өхөөрдөм хөөрхөн зургуудыг хүүхдийн номын зураач Г.Мөнхжаргал зурлаа. Яагаад би “Багачуудын унших бичиг” бүтээхийг зорьсон бэ? Бидэнд өмнө нь байсан сайн зүйлүүдийн нэг яахын аргагүй “Багачуудын унших бичиг” билээ. Хүн төрөлхтөн бичиг үсэгт тайлагдсан багачууддаа зориулж “Анхлан унших ном”- ыг бүтээдэг байсан арвин туршлагатай. Өвөг дээдэс маань үр хүүхдээ бичиг үсэгт тайлагдмагц “Чингисийн билэг сургаал”, “Оюун түлхүүр”-ээ уншуулж ирсэн түүхтэй. Хожмын мэргэдээс Онходын Жамьян багштан “Анхан сурах охид хөвгүүдийг удирдан сургах бичиг”ээ зохиосон нь шинэ цагийн багачуудын унших бичиг болжээ. Агуу Лев Толстой ч оросын ард түмний үр хүүхдэд зориулан унших бичиг зохиож байсан нь өдгөө ч уншигдсаар байгаа шүү дээ. Миний бие тэдний энд эс хүрэвч “Багачуудын унших бичиг”-ийг бичих л хэрэгтэй. Энэ бол миний үүрэг. Харин “Анхлан унших ном” буюу Унших бичиг ямар онцлогтой байх вэ? Хүүхдүүд маань 6 наснаас сургуулийн босго алхаж байна. Юуны өмнө тэдний нас, хэл сэтгэхүйн онцлогт таарсан байх ёстой. Зохиолын хэл нь ойлгомжтой бөгөөд яруу, агуулга нь сонирхолтой атлаа ухааралтай байх учиртай.
Товчхондоо бол ийм. Ном уншиж ухаарсан хүүхдийн харцнаас баяр хөөр гэрэлтэж байдаг. Би олон арван уулзалтан дээр үүнийг мэдэрч байлаа. Амьдрал дандаа баяр хөөрөөр дүүрэн байдаггүй л дээ. Нэгэн ээж над руу залгаад: -Таны нэг зохиолыг хүү маань уншаад харамсаж гуниглаад байдаг болчихлоо. Та яах гэж тэр өрөвдөлтэй охины хувь заяаг энэ номдоо оруулсан юм бэ? гэж билээ. Тиймээ номд баяр, гуниг, ухаарал байдаг юм. Гэхдээ би Багачуудын анхлан унших сурах бичиг баяр хөөрөөр дүүрэн байх ёстой гэж бодсоон. Зохиолоо ч тэгж сонгосон шүү. Ертөнцийг гоо сайхан аварна гэж айлджээ. Чухамдаа ертөнц өөрөө хараад, мэдрээд ханашгүй гоо үзэсгэлэн билээ. Бидний үр хүүхэд Ертөнцийн гоо үзэсгэлэнг мэдэрч өсөх учиртай. Миний номын нэгэн бүлэг тийм юм. Бяцхан уншигчид маань нар, сар, үүлс, цэцэгсийг амьдчлан харж гайхан биширч хайрлаж, тэдэнтэй ярилцаж байдаг. Нэгэнтээ зээ хүү маань бөөн цагаан үүлийг удаан ажиглан хараад “Өвөө, энэ үүл хоолоо сайн идсэн учраас их том болжээ” гэж билээ. Тэдэнд амьгүй харагдах зүйл нэгээхэн ч үгүй билээ. Биднийг залгаж үр хүүхэд маань төрдөг учраас л хүн төрөлхтөн ариусаж байдаг юм. Жаалхүүгээс “Чи яагаад харандаагаа үзүүрлэхгүй байгаа юм бэ? гэж асуухад “Харандаануудыг үзүүрлэхэд өвдөх байх” гээд санаа алдаж билээ. Өнгийн харандаанууд баярлаж хөөрдөг, айж эмээдэг болохыг тэд л олж харна. Хүүхдүүд хайрыг авч төрдөггүй. Бидний харилцаа, бидний сонгосон номууд тэдэнд хайр энэрэлийг бэлэглэдэг юм. Уран зохиолын дүр гэдэг сэтгэл зүрхнээ гайхалтай нөлөөлдөг хүчин зүйл юм байна. Ээж маань надад ном их авч өгдөгсөн.
Гурав дугаар ангид сурч байхад сумын хоршооноос “Нүдний шил” нэртэй зурагтай далбагар ном авч өглөө. Нэг эмээ нүдний шилээ өдөржин хайсаар ядраад “ёох, ёох” гэсээр толиныхоо өмнө суудаг. Тэгтэл хайж цөхөрсөн харааны шил нь магнай дээр нь тохоостой байж байдаг юм. Тэр өдрөөс хойш би эмээ, өвөөгөө ямар нэг юм хайж байвал заавал олж өгөх гэж хичээдэг болсон. Хөөрхий эмгэний мартамхай зан нь бус харин нүдний шилээ хайсаар байгаад босох тэнхэлгүй болтлоо ядарсан нь надад юм бодогдуулж л дээ. Хүүхэд бүхэн зохиолыхоо дүрийг өөр өөрийнхөөрөө хүлээж авдаг. Зургаа, долоон настай хүүхдүүдийн хамгийн хайртай дүрүүд нь аав, ээж, эмээ өвөө, багш, найз нөхөд, багаасаа уншуулсан үлгэрүүдийнх нь олон хөөрхөн амьтад байдаг. Маргад /130 дугаар сургууль 3-р анги/ надад бичсэн захидалдаа ”Би хичээлээ тараад гэртээ харих гээд яардаг. Сайхан сэтгэлтэй мэлхий маань намайг их санаж байгаа” гэж бичсэн байна.
Миний энэ номд бяцхан уншигчдын маань дотно дүрүүд “Найрсаг сэтгэл”-ийн тухай өгүүлэх болно. Тиймээ би найрсаг сэтгэлийн тухай зохиол болгондоо өгүүлэхийг хичээсэн. Өнөөдөр бид биесээн хайрлах хүндлэх тухай маш их яримаар, бичмээр, хүүхэд багачууддаа өвлүүлмээр байна. Өнгөрсөн гучаад жилд бидний хамгийн их алдсан зүйл бол зөв харилцаа, зөөлөн сэтгэл гэж бодож үүний төлөө сэтгэл чилдэг шүү. Оройгүй их эрдэм суравч, олны дунд хүн явахаас илүү эрдэнэ гэж үгүй билээ. Бага насны хүүхдийн анхаарал сонирхол хурдан солигдох учир уйтгартай хоосон нуршиж, сургаал айлдах хэрэггүй. Харин үйл явдал өрнөлтэй, одоо тэгээд яадаг бол гэсэн сэдэл сонирхлыг татах өгүүлэмжтэй байх учиртай. Тэд маань сургамжтай атлаа аз жаргалтай төгсгөлд дуртай байдаг. Би яагаад хүүхдийн зохиол бичдэг вэ? Би яагаад амьдралаас итгэл найдвар, гэрэл гэгээг олж хардаг вэ? Хүүхэд нас маань аз жаргалтай байсан учраас. Хүүхэд насандаа аз жаргалтай олон үлгэр зохиол уншсан учраас. Би ингэж хариулна. “Тэнгэрт өлгөөтэй бяслаг” тэргүүт зохиолууд маань анхлан уншиж сурч буй мянга мянган хүүхэд багачуудын хайртай “Унших бичиг” болоосой. Энэрэл хайрын тухай өгүүлэх энэхүү бүтээлүүд маань Таны хүүхдийн оюуны ертөнцөд уярал ухаарал, уран сэтгэмжийн цэцэгсийг өчүүхэн боловч ургуулваас хүүхдийн зохиолч миний аз жаргалын дээд мөн өө.
Хүндэтгэн ёсолсон О.Сундуй