SUNDUI SPEAKS CHILDREN’S LANGUAGE

SUNDUI SPEAKS CHILDREN’S LANGUAGE

(шүүмж ажиглалт)

Утга зохиолд бичгээр үйлдсэн бүх зүйл / уран зохиол,  захидал, шинжлэх ухаан, танин мэдэхүйн нийтлэл, намтар цадиг, ардын билэг зүй.../ багтдаг. Уран зохиолд уран үгээр илэрхийлсэн хэсэг нь  хамаардаг. Уран зохиол нь дотроо өөрийн жанр төрөл зүйлийг  цаг хугацааны уртад  бий болгон хэвшүүлсэн. Энэ төрөл жанрын нэг болох хүүхдийн уран зохиол  дэлхийн уран зохиолд  өөрийн байраа эзэлсээр  чамгүй урт хугацаа өнгөрсөн байх юм. Тэр бүхнийг алгасан монголын уран зохиолын  өргөн талбарт  хүүхдийн уран зохиолын  төрөлд хүч оюун, авьяас билгээ  сорьсон нэгэн  “хөвгүүн”-ий тухай, түүний хүүхдийн зохиолын хэлний тухай цөөн хэдэн баримт түшин өгүүлэхээр шийдлээ.   Үнэндээ бол  хүүхдийн зохиолч Оюунбадамын Сундуй эр дунд насны  уран бүтээлч ч тэр хүүхдийн сэтгэлгээтэй хэвээрээ болохоор нь “хөвгүүн” хэмээлээ.

Манай үеийн хүүхдийн уран зохиолын гол төлөөлөгчдийн манлайд алдарт “Норовын намтар” “Навсайдамба ба түүний нөхөд”-ийг бичсэн  Дамдинцоогийн Содномдорж онцгой байртай. Тэгээд  Данигайн Давааням,  Чимидийн Арьяасүрэн, Ж. Дашдондог,  Д.Гармаа,  С. Надмид,  Д.Батжаргал,  О.Сундуй, Á. Нацагдорж, Ø.Энхбаяр гээд бараглана. Цөөнхийн тухай энд ярих хэрэггүй ч үнэндээ бол цөөнх юм. Энэ хүмүүс өөр өөрсдийн  бодол оюунаар хүүхэд багачуудад  уран бүтээлээ зориулсаар ирсэн. Монголын хүүхдийн уран зохиолын тулгын чулууг тавилцаж өдгөө болтол галы нь  өрдсөөр явааг бахархан хэлэх учиртай.  Хүүхдийн уран зохиолын энэхүү гэгээн цайлган дэвсгэр дээр  Оюунбадамын Сундуй гэдэг  “бодгал”  зохиолчийг товойлгон гаргаж түүний уран бүтээлийн  хэлний тухайд  цөөн санаа  дэвшүүлж байна.

Юуны өмнө  хүүхдийн хэл гэдэг их чухал юм. Хүүхдийн хэл бол өөрийн гэсэн ухааралтай, өөрийн гэсэн танин мэдэхүйд  тулгуурласан, ертөнцийг өөрийнхөөрөө таньж мэдсэн, зүйрлэж дүрсэлсэн, ихэнхдээ харьцуулсан  тийм  “балчир, гэнэн” хэл юм.  Хүүхдийн хэлний энэ онцлогийг хүүхдийн зохиолд тусгаж өгөхгүй бол, зохиол бүтээлээ энэ хэлээр нь бичихгүй бол хүүхэд сонирхож, оюуны таашаал авч чадахгүй ээ. Хүүхдийн зохиолчдын анхаарлаа хандуулах амин чухал зүйл гэвэл энэ.

Сүүлийн наян жилд гарсан хүүхдийн уран зохиолын төрөл зүйлийг  ерөнхийд нь ажиглаад байхад  хүүхдийн  уран зохиол, хүүхдийн яриа, хүүхдэд зориулсан уран зохиол гэсэн гурван аяс хандлага байх шиг санагдах юм.

Хүүхдийн зохиолын хэл бол  хамгийн эхлээд  хүүхэд ойлгох  амар хялбар  салаа утгагүй үгсээр   донжий нь олж  шагласан байхыг шаарддаг.


“Болжмор болжмор

Ирлээ ирлээ

 Бургасны мөчирт

 Буулаа  буулаа...”

/Дүүжин даажин/

“Даваа надтай

 Барилдах дуртай

 Давах болгондоо

 Дахих хүсэлтэй...” 

/Барилдаан/ гэхчлэн  олон жишээ бэлхнээ олдож байна.


Энэ бол хүүхдийн зохиолч бүхний   чаддаг зүйл.  Гагцхүү энгийн үгсээр  хэрхэн яаж  хэлэх гэж байгаа санаагаа урлав гэдгээр л зохиолынх нь  чанар чансаа хэмжигдэнэ.  Ямар ч хүүхдийн зохиолчийн  бүтээлээс ийм жишээг олноор  нь түүж болно.

Нөгөө талаар хүүхдийн зохиолын хэл  гэдэг үнэндээ хүүхдэд танин мэдүүлэх, дүрслэн ойлгуулахад ихээхэн нэмэртэй эд. 

О.Сундуйгийн шүлгэнд ийм жишээ олонтоо тохиолддог. Ганцхан жишээ татья.


Алаг цаасгүй чихэр ааруул

Амттан бүхний дээд ааруул

Дэлгэц дэлгэц дүүрэн ааруул

Дэлэнт малын буян ааруул

Настай эмээгийн минь бэлэг ааруул

Найздаа өгөхөд бурам шиг ааруул...

/Ааруул/ гэсэн шүлэгт   хотын хүүхдэд ааруул гэж юу болохыг урнаар тайлбарлан хэлж өгсөн байх юм.  Тухайлвал  энд байгаа  “Дэлгэц” гэдэг үгийг хүүхэд тэр бүр мэдэхгүй. Эндээс л ааруул тавьж хатаахад зориулж модоор хийсэн  хэрэгсэл гэдгийг томчуудын дэмтэйгээр ухаж ойлгох жишээтэй... Эцэг эх , ах эгч нь түүнд тайлбарлаж хэлэх учиртай.


Хүүхдийн хэл гэдэг нь үнэндээ хэтрүүлсэн, даваадуулсан зөгнөсөн,  ихэсгэсэн байх нь түгээмэл. Ийм хэлээр бичих нь  хүүхдийн зохиолыг тэр чигээр нь уран саналгын,  дэврүүн аястай болгож чаддаг.

О.Сундуйгийн хэлэнд ийм жишээ захаас аван  байдаг. Тийм ч болохоор түүний хүүхдийн  шүлгүүд  амьд  хөдөлгөөнтэй  хөгжилтэй болдог.

Тэр номоо хүртэл тэгж нэрлэдэг байх юм.

“Аймаар том нохой  буюу хөгжөөнтэй шүлгүүд” ,   “Зуны нар мөхөөлдсөнд дуртай”,  “Уруул нь урт хошуу болсны учир”“Оймс залгидаг мангас” “Мөөлөө гөөлөө хоёр”, ..гээд олон номынх нь нэрийг дурдахад л хангалттай.


Амттайхан мөхөөлдөсийг минь

Алтан нар долоочихлоо

Харсаар байтал хайлуулаад

Хамтдаа бид идчихлээ...”

/Зуны нар мөхөөлдсөнд дуртай/  хэмээх  уран саналга,  “...Аавын онгоцонд суугаад

Асар өндөрт хөөрч явлаа

Онгоцны цонхоор толгойгоо цухуйлгаад

Оддын дундуур нисч явлаа

Хавирган саранд малгай минь өлгөгдөөд

Харин би толгой нүцгэн хоцорлоо...” гэсэн хэтрүүлэл,

...Үлэмж хүчтэн уулсыг өргөөд

Өчүүхэн цаас шиг мушгиж орхивол

Мөн ч арвин  ус гоожиж

Мөрөн гол үүсгэх байх даа.”


гэсэн даваадуулсан хэтрүүлэл гээд  олон олон жишээ татаж болох юм.

Хүүхдийн хэлээр бичихийн нэг амин сүнс нь тэдний  ертөнцийн юмс үзэгдэл,  аливаа зүйлийг өөрийнхөөрөө танин мэдэж  хэтрүүлэн зүйрлэх  хүүхдийн талаасаа шинэ нээлт шиг санагдавч хөндлөнгөөс нь ажиглавал  “гэнэн” бас “хошин” танин мэдэхүйг оновчтой гаргах гэдэг онцгой байртай. 


Гарны тухай анхны шүлгээ

Гайхам хурдан бичлээ би

Дүүгийн алга бяцхан гэж

Дүүргэе гэвэл амархан гэж

Жижигхээн алим аваад өгөхөд

Жигтэйхэн том харагддаг гэж... “

/Гарны тухай анхны шүлэг/

Хөдөөнөөс өвөө ирэх гээд байдаг

Хүндхэн асуулт  тулгараад байдаг

Сурлагын дэвтэр маань гурван муутай

Сул дүн? Сул дүн?  та нарыг би яая даа...”

/Сурлагын дэвтэр/ гэх  зэрэг гэнэн санаанууд нь үнэндээ хүүхэд л  сэтгэн бодож хэлэх тийм санаа юм. Үүнийг урнаар дүрслэн гаргана гэдэг хүүхдийн зохиолчийн  ур чадвартай нэн холбоотой  буюу.  Хүүхдийн хэл гэж үүнийг л байгаа юм.  Хүүхдийн хэлээр бичих гэдэг чухамдаа энэ буюу.


Нөгөөтэйгүүр хүүхдийн хэл гэдэг аливаа зүйлийг балчир ухаанаараа танин мэдэх их  аянд сэлүүрдэж байгаа болохоор  хүүхэд үргэлж шинэ  үзэгдэлтэй  учирч байдаг. Энэ чанараараа тэд гэнэн ухаанаараа танин мэдэж ойлгосон зүйл нь томчуудын тухайд “хошин” санагдах  нь бий. Ийм гаргалгаатай  олон зуун яриа  хүүхдүүдийн дундаас төрөн гарсан. Зарим нь бүр ам дамжин хүүхдийн аман зохиол  болох шатандаа орчихсон байдаг. Үүнийг уран зохиолын яруу хэрэглүүрээр баяжуулан зохиол бичих нь хүүхдийн зохиолчийн  гол үүрэг нь мөн л дөө. О.Сундуй бол энэ үүргийг бүрнээ ухамсарласан хүүхдийн зохиолч.  Түүний шүлэг, өгүүллэг, үлгэр-өгүүллэгээс илт мэдрэгдэж байдаг. Ийм гэнэн ч гэмээр “хошин” аястай хүүхдийн  санааг гаргасан   шүлэг  О.Сундуйд элбэг.


Ааваа би өнөөдөр

Авдар дээрээс уначихсан

Тэгээд миний хүү яав?

Тэнгэр доргитол орилов уу?

Үгүй үгүй би уйлаагүй.

Өрөөнд хэн ч байгаагүй.

/Аав хүү хоёр/  шүлгээс харахад  хүүхдийн яагаад уйлдаг  гэдгийг урнаар харуулж чадсан байна. Хүүхэд бол  аргадуулах гэж, аав ээждээ туньж уйлах нь элбэг байдаг  гэдгийг л уран зохиолын хэлээр  тэгэх тэгэхдээ хүүхдийн хэлээр урлажээ.


Ийм уран саналгатай  бас нэг шүлгийг иш татаж сонирхоё.

Тогмид өчигдөр багшаа?

Томчуулын кино үзэж байсан

Худлаа гэвэл түүний ард


Хулан бид хоёр сууж байсан.” /Ховч/   Энд үнэндээ хүүхдийн гэнэн   зан л харагдаж байгаа биз.  Бусдыг ховлох гээд өөрийгөө давхар илчилж байгааг нь  сонирхолтой дүрсэлжээ. Хүүхэд л ингэнэ. Түүнээс томчуулын гаргах  алдаа биш л дээ. Үүгээрээ л хүүхдийн зохиол ялгардаг. Үүнийг хүүхдийн хэл гээд байна.

Хүүхдийн хэл буюу хүүхдийн зохиолд  байх бас нэг онцлог бол  асуулт түүнд тохирсон хариулт юм. Энэ их түгээмэл. Хүүхэд өдөрт эцэг эхээсээ , багш хүмүүжүүлэгчээсээ, ах эгчээсээ түмэн түмэн “яагаад?”-ыг ухан асуудаг. Амьдралаар урган гарсан энэ үзэгдлийг уран зохиолд  дүрслэн үзүүлж хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх нь хүүхдийн зохиолчийн бас нэг өвөрмөц онцлог.  О.Сундуйн  зохиолд энэ  чиглэл өөрийн байртай гэж хэлэх бүрэн үндэстэй. 


Тоогоо бодсон уу?

Толгойгоо илнэ.

Томьёогоо цээжилсэн үү?

Толгойгоо илнэ...

/Хоосон толгой/ гэх ч юм уу, эсвэл

Уншсан энэ ном нь

Нойрсуулах шидтэй юм уу?

Угаасаа манай эгч


Нойрмог хүүхэд юм уу? ...”  /Нойрсуулах шидтэй ном байдаг уу?/ гэхчлэн  олон олон шүлгээрээ  асуулт хариултын хэлбэрийг сонгон тайлбарлажээ.  Тэр хүүхдийн өмнөөс өөрөө ч олон зүйлийн учрыг асууж  түүндээ хариу болгон шүлэг бичсэн байдаг.  Тухайлвал,  “Хамгийн залуу охин хаана амьдардаг вэ?” ,  “Цасан охин хэзээ ирдэг вэ?” ,  “ Жимс хаана ургадаг вэ?”, “Навчис минь даарав уу?”, “Нойрсуулах шидтэй ном байдаг уу?”, “Үдэш болтол нойр хаана байдаг вэ?”  гэхчлэн олон  шүлэг бий. Энэ бол хүүхдийн түм түмэн яагаадын  нэгээхэн хэсэгт л  уран яруу  санаагаар хариу өгч байгаа явдал. Хүүхдийн уран бүтээлийн эзэндээ хүрэх нэг сэжим нь яах аргагүй энэ мөн.  Ийм болохоор энэ бол хүүхдийн хэл, хүүхдийн сэтгэлгээ л дээ.

О.Сундуйгийн  уран бүтээлийн өөр нэг онцлог бол бас л түүний хүүхдийн хэлтэй холбоотой.

Хүүхдийн хүсэл мөрөөдөл хэрхэн өрнөж, түүнийгээ яаж  илчилдэг тухай уран  дүрслэлүүд юм.


Хөрш айлын эмээ

Хөөрхөн бүжинтэй

Үеийн жаалууд бид

Үсийг нь илбэх дуртай...” /Бодол/,

Сурагч болоод эрдэм сурна

Сургуулиа төгсөөд харин яах вэ?

Хамгийн сайхан ажлыг

Хаанаас олж хийх вэ?

Ингээд бодохоор би ер нь

Их хаантан болмоор санагдах юм

Тэгвэл би бүх хүүхдийг

Өргөөндөө урьж дайлна.

Тэгээд  дараа нь бүгдээрээ

Хөөцөлдөж, дуулалдаж дураараа нэг дургина.

Агуу их хаантан нь хүүхэд юм чинь

“Алив та нар томоотой” гэж хэн хэлэх юм бэ?”

/Хаантан болох юмсан/ гэсэн олон шүлгүүдийг нэрлэж  болно. 


Хүүхдийн зохиолын хэл бол  их хөдөлгөөнтэй хөнгөн аястай давталт, айзам  нь уран байх учиртай.

Түүнээс хүнд   далд утга бүхий ойлгоход адармаатай ,  үгээр урт  унжуу бичвэл бяцхан иргэд ойлгохгүйд хүрнэ.


“Дуулж  бүжиглээд

Дэрвэс дэрвэс

Уйлж эрхлээд

Тонгос тонгос...

...Алхаа гүйцэхгүй

Бондого бондого

Асууж шулганаад

Тормос тормос...

...Нуугдаж тоглоод

Бултас бултас...

/Миний хөөрхөн дүү/

Болжмор болжмор

Ирлээ ирлээ

Бургасны мөчирт

Буулаа буулаа

Турьхан мөчрүүд

Дээшээ доошоо

Дуучин шувууд

Дүүжин даажин.

Нарны цацрал

Мэлтэс мэлтэс

Найман болжмор

Намс намс... 

/Дүүжин даажин/ гэх зэрэг олон жишээг ажиглаж болно.  Энэ бол  нэг талаасаа хүүхдийн хөнгөн хөдөлгөөн хэлэх  ярих  сэтгэлгээний  хурдтай холбоотой зүйрлэл,  нөгөө  талаасаа бараг хэл зүгшрүүлэх үг,  түргэн хэллэгийн үүрэгтэй   зүйл л дээ.


Тэр хүүхдэд зориулсан үлгэр-өгүүллэг олонтоо бичсэн.  “Залхуу охин заан болсон нь”,  “Бичиг мэддэггүй бамбарууш”, “Мод таригч өвөө буюу өчүүхэн дөрвөн үлгэр”  “Ууртай баавгай”, “Тэнгэрт өлгөөтэй бяслаг” гээд нэрлээд байвал олон бий. Энэхүү үлгэрүүд нь мөн л хүүхдийн оюун санааг эрэлхийлэл сонирхол шохоорхолд хөтөлсөн уран  хэрэглүүрээр бүтээсэн

сонирхолтой бас хошин аястай байдаг.   Тэр бас “Олз” гэдэг дуулалт үлгэр бичсэн нь хүүхдүүд шууд л   жүжиглэн дуулж тоглоход  бэлэн бүтээл болжээ...

О.Сундуй  энэчлэн хүүхдийн  сэтгэхүйн  олон  онцлогийг уран бүтээлээ урлахад ашиглаж хүүхдийн хэлээр бичдэг зохиолч  билээ. Тэр  хүүхдийн хошин шүлгийн  бие даасан ном хүртэл гаргасан.  Тэр нь мөн л хүүхдийн ертөнцийг танин мэдэх , хүмүүстэй харилцах сэтгэлгээнээс урган гарсан болохоор сонирхолтой ч, инээдэмтэй ч, бас  танин мэдэхүйн аястай болж чадсан байдгийг   нэмж хэлэх нь зүйд нийцэх буй за.  Ер нь зохиолынх нь нэлээд хэсгийг хошин аяс эзэлдэг нь хүүхдийн  гэнэн танин мэдэхүйгээс үүдэлтэйн зэрэгцээ хүүхдийн  “худлаа хэлдэг” тэр л насны онцлогт ихээхэн тохирсон байдаг.  Хүүхдийн худлаа ярьж эхлэх тэр үе бол үнэндээ зөгнөл  /фантазия/-ийн сэтгэхүйтэй холбоотой.  Хүүхдийн   оюун сэтгэхүй хөгжих нэг  үндсэн арга  нь энэ болой.  Хүүхдийн зохиолын хэл гэдэг үнэндээ уран бүтээлч  бүхний барьж аваад гарын үзүүрээр биччихдэг зүйл биш.  Хүүхдийг хөндлөнгөөс харах биш, хүүхдийн дунд орж, тэдний сэтгэлгээр ертөнцийг танин мэдэх л  чухал. Ингэж чадсан  хүүхдийн зохиолч  гэвэл Оюунбадамын Сундуй гэхэд үнэнээс хол зөрөхгүй.  Ихэнх хүүхдийн зохиолчдод байгаа алдаа бол  хүүхдэд зориулж бичдэгт л  оршиж байх шиг.  Хүүхдэд хөндлөнгөөс нь номлох,  сургах нь тийм ч  сайн зүйл биш. Ялангуяа хүүхдийн  зохиол бүтээлд.  Ингэвэл хүүхэд түүнийг хүлээж авч унших нь тун ч маруухан даа. Гагцхүү  хүүхдийн  адал явдал,  хүсэл мөрөөдөл, хошин танин мэдэхүй, гэнэн  томоогүй шийдлүүдийг  тэр л  өөрсдийнх нь хэлээр  өөрсдийнх нь шийдлээр урлах нь хүүхдийн зохиолын өнөөдрийн  тулгамдсан  асуудал болоод байгааг анхаарна байх хэмээн энэхүү өгүүллийг тэрлэж,  хүүхдийн зохиолч Оюунбадамын Сундуйгийн хүүхдийн  зохиолын хэлэн дээр багаахан ажиглалт хийлээ. Дүгнэн бодвоос Оюунбадамын  Сундуйгийн хүүхдэд зориулан зохиолоо бичдэг хэл нь  хүүхдийн хөөрүү дэврүү араншинд тохирсон адтай, хөнгөн  шингэн үгсээр уран яруу хэлхэгдсэн, гэнэн томоогүй шийдлүүдийг нь  яг л хүүхдийнхээр бодож урласан,  хүүхдийн яриа хөөрөө сонирхсон түмэн яагаадад  нь хариу өгсөн, өөрөө асууж хариулсан, эгэл энгийнээр танин мэдүүлсэн, хурц тод хүүхдийн хэлээр дүрсэлсэн тийм л  зохиолууд, тийм л хэл болюу.

Ер нь  хүүхдийн зохиолч О.Сундуй  хүүхэд багачуулд зориулж “Долоон хожгор нэг можгор” дуурь, “Мэхт мэхэндээ”, “Уруул нь урт хошуу болсон нь”, “Мөөлөө гөөлөө хоёр”, “Бардам дэгдээхэй”, “Оймс залгидаг мангас”, “А-Я хүртэл хөгжилтэй аялал” “Тэнгэрээс заяат өрсөн Тэмүжин хүү” танин мэдэхүйн толь бичиг,  “Зусланд болсон хачирхалтай явдал” холбоо тууж,  “Учиртай бэлэг” , “Нисдэг хулгана чинүүхэй” шүлэг өгүүллэг, үлгэр өгүүллэг, туужисын  ном,  “Бөмбүүлэй”, “Аз жаргалын дуу”, “Анхны цас”,  зэрэг олон дуугаа  зориулсан юм.  Хүүхдийн зохиол бичих  хүнд мөртлөө аз жаргалтай   албандаа үнэнч зүтгэснийхээ хариуд тэр  МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын  нэрэмжит шагнал,  “Алтан өд”  оны тэргүүн уран бүтээлийн   шагналыг хоёр ч удаа хүртсэн зохиолч оо. О.Сундуйгийн хувьд  Багшийн сургууль, УБИС-ийг дүүргэж багшийн мэргэжил зэмшсэн нь  хүүхдийн зохиол бичихэд  нь бас л нэмэртэй байсан биз ээ...Хүүхдийн сэтгэхүйг ойлгож  тэдний сэтгэлээр, тэдний  хэлээр зохиол бүтээлээ туурвиж яваа эрхэм нөхрийн  хүүхдийн хэл арвин дэлгэр байж, цаг мөнхийн “хөвгүүн” яваарай гэж ерөөе дөө. 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч,  Хэлбичгийн ухааны доктор   Лханаагийн  Мөнхтөр

2008 оны 11 дүгээр сар 6