Critical study for writer Sambuu's works

2009 онд Хүүхдэд зориулсан уран бүтээлийн улсын уралдаанд харилцах утаснаас өөр нэр хаяг юу ч тавиагүй нэгэн ном ирсэн нь мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр шалгарлаа. Утас цохивол Самбуу гэдэг хүн харилцуур авч байна. Тэгж би хүүхдийн зохиолч Л.Самбуу багштай анх танилцсан юм. Бас нэг нөхөр шалгарчихаад хоёр долоо хоног утсадуулж холбоо барьсан нь “Холоос ирэгсэд” туужийг бичсэн  Цогтбаяр гэдэг залуу байлаа.

Түүнээс хойш Самбуу багш “Томчуудын дунд ганцаараа”, ”Маань уншдаг Муужгай”, ”Тоглож дуусаагүй байхад” зэрэг хүүхдэд зориулсан хэд хэдэн шүлгийн ном гаргаад амжжээ. Түүний шүлгүүд  бяцхан уншигчид шигээ хөөр баяр, хөгжөөн наргиан дүүрэн байдаг. Гэхдээ хүүхэд дандаа инээж баясаад л гүйгээд байдаггүй. Тэд маань бодно, эрэгцүүлнэ, гунина тунина. Орчлонгийн юмс үзэгдлийн учир шалтгааныг өөрийнхөөрөө нээж таньж мэднэ. Тиймдээ ч хүүхдийн шүлэг өхөөрдөл магтаал, хошигнолоос гадна бодол эрэгцүүллийн өнгө аястай байдаг. Харин Самбуу зохиолчийн богинохон бичлэгтэй наргиа шүлгүүдэд бодол эрэгцүүлэлийн өнгө аяс болрын талст мэт гялтагнан байх нь элбэг. Миний олж харсанаар энэ нь түүний уран чадварын онцлог гэж хэлж болох юм. Түүний “Сүүдэр” шүлгийг хамтдаан уншъя.


Сөөм холдоггүй

Сүүдэр минь

Шөнөөр олддоггүй ээ.

Харанхуйтай ханьсаад

Хаашаа л яваад байна даа.


Чухамдаа энэ шүлэгт найз нөхөрлөлийн тухай урнаар өгүүлжээ. Сүүдрээр найзыг, шөнөөр бэрхшээлийг төлөөлүүлсэн байна. Нээрээ л тааруухан найз хэрэгтэй гэсэн үедээ сүүдэр мэт дагачихаад сандарч тэвдэхийн цагт ор мөргүй алга болдог доо. Харанхуйд уусдаг сүүдэр шиг зантай хүмүүс хааяа байдаг тухай хангалттай эргэцүүлэл энд өрнөнө.


“Салан жаал” шүлэгтээ:

Орноосоо дөнгөж босонгуут

Оймсоо олохгүй сандарна.

Үзэг харандаа байхгүй

Үүргэвчнээс гоожоод дууссан

Зайрмагны хариулт байхгүй

Замдаа гээгээд харьсан

Үг бичихдээ маруухан

Эгшгийг нь гээгээд алдчихна.

Үржих хуваахдаа тааруухан

Санасан тоогоо мартчихна.

Салан энэ жаалын

Хэн гэдгийг мэдэхгүй.

Нэртэй байлуу яалаа

Нээрээ бид санахгүй.


 Салан жаалын мартаж гээгдүүлсэн зүйлс нь хувцас, эд юмсаас аажмаар эрдэм ном болон хувирч бүр сүүлдээ хүүхдүүд түүний нэрийг нь ч санахгүй байна. Алдаагаа бага гэж эртхэн засаж залруулахгүй явбал эцэстээ хамгийн эрхэм нандин нэр хүндээ ч алдаж гээхэд хүрэхийг шүлэгт ахиулалын аргаар дүрсэлж уншигчдадаа ухаарал өгчээ.


"Буцааж хэрвээ өгвөл..." шүлэгт:

Буурал эмээ минь

Бурхны оронд одсон

Буцааж хэрвээ өгвөл


Бурхан танд баярлана. Энэ шүлгэнд ердөө ч зохиомол зүйл алга. Харин бурхан болоод бурхны орны тухай хүүхдийн төсөөлөл, бодол эрэгцүүллийн илэрхийлэл юм.Түүний шүлгүүдийг уншаад их олон талаас нь задалж яримаар санагддаг. Өөрөөр хэлбэл шүлгүүд нь ярих юм, үлдэх санаатай байна гэсэн үг. Үнэхээр тэнгэрийн орон гэж байдаг бол эзэн хаад нь бурхад байж таарна. Эзэн хаад нь энэ хүүхдийн хүслээр эмээг нь яагаад ирүүлж болохгүй гэж... Тэгтэл эмээ нь эргэж ирсэнгүй. Тэгвэл бурхадын орон гэж байна уу? Ингээд ургуулан бодож ярилцвал нэг шүлгээс олон санаа хөвөрнө.


"Тоглоом дуусаагүй байхад..." шүлэгтээ:

Элсэн дээрх тоглоомоор

Эрхлэн наадаж байхад

Улаан туяагаа чирээд, нар

Уулын цаадруу орчихлоо.

Өдөржин хамт тоглочихоод

Өөрийгөө бодоод явчихвал

Хөл хөөртэй гудамжны маань


Хүүхэд бүхэн гомдоно шүү. Энгийн нэг бодоход эрхэлж байгаа жаалын гоморхол. Ургуулаад цааш нь бодвол амьдрал өөрөө айл гэр болон тоглож байгаатай ижил. Тэгвэл нар жаргавч амьдрал үргэлжилсээр л байна. Хүүхдийн хүсэл мөрөөдөл нэгэн өдрийн наран доор өрж барахааргүй их гэдгийг энд өгүүлжээ.

Уран зохиолоос уншигчийн авч байгаа хамгийн эрхэм таашаал нь дүр дүрслэлийнх нь нууцад нэвтэрч далдын далд санааг олж нээхэд байдаг.Хүүхдэд зориулсан яруу найрагт ч мөн адил. Хүүхдэд зориулсан яруу найраг өхөөрдөл ,хошигнол, магтаалаас бодол эрэгцүүллийн чигт явж байгаа.

 Хэн нэгний бүтээл туурвилаас ямар нэг шинэлэг эсвэл өвөрмөц талыг хайж уншихад сонирхолтой байдаг. Л.Самбуугийн хүүхдэд зориулсан шүлгүүдийг би зөвхөн өөрийн өнцгөөс харж байна. Түүний шүлгүүд хүүхдийн төсөөлөлийн ертөнцөөр дамжуулж нээсэн уран дүр дүрслэл, адилтгал зүйрлэлээр баялаг. Цааш нь зарим шүлгийг нь хамтдаан уншиж сонирхъё


"Мөөг" шүлэгтээ:

Гүвээний дээгүүр бурзайсан

Ширээний дэнлүү шиг мөөгнүүд

Гил хар шөнийн харанхуйг

Гэрэлтүүлж асдаг бол гоё оо.


Мөөгнүүд үнэхээр л ширээний олон янзын дэнлүүтэй төстэй. Энэ зүйрлэлээр дамжуулан хүүхдийн  гэрэл гэгээ, сайн сайхныг хүсэх гэгээн тэмүүлэлийг илэрхийлсэн байна. Адилтгал зүйрлэлээр баялаг шүлгийг хүүхэд уншаад орчин 

тойрныхоо юмс үзэгдлийн гоо сайхныг нээн харж, урнаар хийсвэрлэн сэтгэж, улмаар зохиох, дүрслэх сонирхолтой болдог. Уран зохиолын нэг увидас нь энэ.


“Өдөн малгайтай цэцэг” шүлэгтээ:

Дэнхэн данхан багваахай

Дэндүү бээрэг юмаа.

Өдрийн халуун наранд


Өдөн малгай өмсөх юм... гэжээ. Уран сайхны нээлт нь өдөн малгайдаа байна. Магадгүй өөр нэг хүүхэд багваахайг шүхэртэй цэцэг гэж хэлж ч мэднэ. Тэр тусмаан сайн. Амьдралыг яруу сайхнаар харахын үүдийг нээнэ гэдэг ийм.


“Бүлтгэр дүү минь унтдаа” шүлэгтээ:

Бүүвэй ,бүүвэй дүү минь

Бүрэнхий боллоо унт даа.

Бүүвэйн дуу аялахаар

Бүгд чам дээр ирнээ

Сарны туяа

Хөнжил болж ирнэ.

Салхины чимээ


Хөгжим болж ирнэ...хэмээжээ. Одоо уншигч маань сарны намирсан цагаан гэгээ хөнжил болон хөвсөлзөхийг мэдэрч, тогтуухан үдшийн сэвэлзэх салхи яруухан эгшиглэхийг сонсож байгаа.


Хээр хоносон сар

Ямбатай ихэмсэг сар

Янхир морь зайдлан

Намхан толгодын дээгүүр

Нар даллан гэлдэрнэ.


Уг шүлгийн дүрслэлийг сэтгэлдээ буулгасан уншигч сар булхсан үүлсийг их олон янзаар нээж харах нь мэдээж. Сар тэгнэсэн цагаан тэмээ ч харагдаж мэднэ...

Энэ мэтээр байгалийн үзэгдэл юмсыг уран төсөөлөлийн үүднээс нээж харах хүүхдийн сэтгэлгээний онцлогт дүйсэн цөөнгүй шүлэг түүний түүвэрүүдэд бий.

Түүний түүврүүдийг уншаад “Л.Самбуу зохиолч жинхэнэ хүүхдийн яруу найрагч юмаа” гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрсөнийг энд өгүүлье. Үгийн цөөн нь сайн гэдэг. Уран сэтгэмж, утга агуулгаар баялаг найраг шүлэг улам олныг туурвиж хүүхдийн уран зохиолд хүндтэй гавьяа байгуулахыг түүнд чин сэтгэлээс ерөөхийн ялдамд бүтээлийнхээ хэл найруулгыг улам чамбайруулж, ялангуяа гадны дотны элдэв этгээд үг хэллэгээс хол зайдуу явахыг эрхэм нөхрөөсөө хичээнгүйлэн хүсье.    

 О.Сундуй  \МУБИС-ийн Багшийн сургуулийн багш,

Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч\