THE BOOK WHICH OPENED KIDS’ HEART

THE BOOK WHICH OPENED KIDS’ HEART​​​​

Хүүхдийн зохиолч О.Сундуй бага, дунд ангийханд зориулсан өгүүллэг, туужуудын түүвэр “Шарга даага”  номоо хэвлүүлэхээр зэхжээ. Түүврийн анхны уншигчийн хувьд  төрсөн сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцъя.

Сургуулийн бага, дунд насныхныг зохиолын баатраар сонгон туурвисан өгүүллэгүүд нь уншихад сонирхолтой, ухаарахад сургамжтай, ярихад дүрслэлтэй  хүүхэд үүхэдгүй уншмаар ном  болжээ. Уншихад сонирхолтой гэдгээ  “Догь Монхорын шидэт малгай”, “Шарга даага” зэргээр тодотгож ярьж болох юм. Эхийнхээ хээлэнд зарагдсан унага ижил сүрэгтээ  гүйж ирсэн тухай үлгэр домог шиг энэ өгүүллэгээс өвөг дээдсийнхээ өв соёл , хүн чанарыг  хөдөөгийн хүүхдүүд багачуудын энэрэн хайрлахуй сэтгэл, хүмүүжлийг олж харна. Монголчууд бидэнд өнгө мөнгөнөөс илүү хүн чанараа авч үлдэх нь чухал шүү гэдгийг өгүүллэгийн баатар хүүхдүүд маань найзууддаа төдийгүй томчууд бидэнд ч хандан хэлж байна. “Догь Монхорын шидэт малгай” өгүүллэгийн гол дүр говь нутгийн бэлэн зэлэн үгтэй авьяаслаг хүү ялимгүй дэгс боловч уран сэтгэмж, ургуулан бодохын увдисаар уншигчийн сэтгэлийг гижигдэнэ. Ер нь энэ номын өгүүллэг бүхэн өрнүүн үйл явдал, үлдэх санаагаар баялаг юмаа.   “Айсан цэцэг” зэрэг богино өгүүллэгүүд нь олон зүйлийг эргэцүүлж бодох ухаарал үлдээнэ. Ах дүү хоёрын харилцаанаас “Айсан цэцэг”-ээ бичжээ. Хүмүүс минь үнэхээр цэцэг айдаг юм байна шүү. Уншихад уяралтай өгүүллэгүүдийн нэг нь “Зурмал сарнайн үнэр” лавтай мөн. Гэнэхэн бодол, авьяас билиг, багшийн өгөөмөр сайхан сэтгэл, нэг ангийнхны нэг өдөр. Эл өгүүллэгүүдийг бараг  л уншсан дороо чээжилнэ. Нэг л гэгээлэг сайхан бүтээлүүд санагдана. “Аргалчин жаалууд”  байгаль дэлхийгээ хайрлаж, “Чи миний хамгийн сайн найз”, “Зусланд болсон хачирхалтай явдал”, “ Зочин” бэсрэг туужуудад өсвөр насны охид хөвгүүдийн үерхэл нөхөрлөлийн тухай хүүрнэнэ.

Энэчлэн зохиогч О.Сундуйн шинэ номын тухай, олон өгүүллэг, туужийнх нь талаар үргэжлүүлэн бичмээр байвч завсарлая. Уран зохиол бол амьдралын сурах бичиг хэмээх үг “Шарга даага” номд нэн хамааралтай  байгаа нь л анхны уншигч миний баяр хөөр болон үлдэв.

 Ч.Бямбацэцэг

\МУБИС-ийн багш,доктор\